Tuesday, March 1, 2011

Дуслыг хураавал далай буюу хадгалж сургах нь




Үү“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан талаар нэгэн түүх өгүүлжээ.нд: “… Миний нэгэн танил 7 настай охиндоо 10 марк өгөнгөө аав нь чамд нэг юм үзүүлье гээд хотынхоо ядуус амьдардаг дүүрэгт охиноо авчирсан байна. Тэд тэр хавиар нэлээд эргэлдэж хоолны газраар нь хүртэл орж хооллосан байна. Ингээд аав нь охиндоо: Насан туршдаа хүн эцэг эхтэйгээ байхгүй. Хэзээ нэгэн цагт биеэ дааж амьдрах болно. Тэр үед чи ямар газар амьдрах нь чамаас шалтгаалах болно. Чамд үзүүлсэн тэр газарт 10 маркаа бүгдийг нь үрдэг хүмүүс амьдардаг юм. Чи сайхан байшинд найрсаг хөршүүдтэй дүүрэгт амьдрахыг хүсвэл хадгалж сурах хэрэгтэй гээд хуримтлалын төлөвлөгөө охиндоо гаргаж өгчээ. Охин том болоод тийм газар амьдрахыг хүсээгүй тул өөрийн 10 маркаас 5-ыг нь хадгалахыг хүсчээ. Аав нь охиныхоо хадгалсан марк бүрт урамшуулал болгож 50 марк дансанд нь хийж байхаар болсон байна. 7 жилийн дараа аав нь өөрийн оруулдаг хөрөнгө оруулалтаа зогсоосон бөгөөд охин нь нэгэнт хадгалах дадал суусан тул цаашдаа өөрөө хуримтлуулсаар насанд хүрэхдээ 200 000 гаруй марктай болсон байжээ.”
Монголд олон хүн, түүний дотор би ч гэсэн “Үрэх мөнгө нь байвал зарцуулах арга заавал олдоно” гэдэг Паркинсоны хуулиар амьдарч олигтой хуримтлал хийж байсангүй. Үүд багын хүмүүжил, боловсрол үүний дээр нь аажуу тайван Монгол араншин нөлөөлдөг байх л даа. Монголд жирийн амьдралтай хүн хэдэн сар ажилгүй байсан ч төрөл саднаараа хооллоод яваад байж болдог тухай нэгэн өгүүлэл санаанд орсон юм. Гэтэл гадаад улсад  нэг сар ажилгүй болбол хуримтлуулсан мөнгөгүй бол юу болох билээ. Бидний амьдарч байгаа зах зээлийн нийгэм өөрөө хатуу нийгэм. Иймд бид үр хүүхдүүдээ энэ нийгэмд ирээдүйд аятайхан амьдруулахын тулд тэднийг олсон мөнгөнөөсөө хурааж сургах л хэрэгтэй болж байна.

Саяхан зурагтаар хүүхдүүд цуглуулсан задгай мөнгөө банкны мөнгө тоологч машинд хийгээд гарсан мөнгөний тасалбараа банкны ажилтанд аваачиж өгөөд хадгаламжийн данс нээлгэж болох тухай нэгэн реклам сонирхол татсан юм.
Америк эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь saүings ethic буюу хадгаламжийн ёс суртахуунтай болгох үүднээс банкинд чекэн болон хадгаламжийн данс нээж өгөх нь олонтой ажээ. Їнэхээр хүүхдүүд нь piggy bank юмуу төмөр хайрцганд хадгалж байснаас илүү зүтгэлтэйгээр мөнгөө хадгалж эхэлдэг байна. Зарим тохиолдолд хадгалсан мөнгөний тоо нь эцэг эхчүүдийгээ өөрсдөөсөө ичихэд ч хүргэдэг гэнэ. Гэхдээ эхнээсээ дансныхаа мөнгийг зарцуулах эрхийг хүүхдүүддээ өгөх үү, эсвэл жаахан том болохыг нь хүлээх үү гэдгийг бодож үзэж шийдвэрлэх хэрэгтэй юм.

Нэг талаар данс өөрийнх нэр дээр тул мөнгөө өөрөө мэдэж зарцуулах нь зөв боловч тэд зэрэг 10, 20 ширхэг барбинд мөнгөө үрээд дансаа хоосолж магадгүй гэж эцэг эхчүүд болгоомжилдог ажээ. Нөгөө талаас тэд хэдийгээр ухамсартай худалдан авалт хийж чадахгүй ч дансан дахь мөнгөнийх нь үлдэгдэл, баланс, хүүний тухай сайн ойлгуулж тайлбарласнаар үрвэл дансан дахь мөнгө маань багасна гэж ойлгоод бодолтойгоор сонголт хийж юм худалдаж авдаг аятай дадал заншилд багаасаа суралцаж эхэлдэг байна. Дээр нь хүүхдүүд банкны үйл ажиллагаатай эртнээс танилцаж, багаасаа чек бичих болон чекийн дэвтрийн балансаа хөтөлж суралцдаг ажээ.


                                                         Үргүй зардал

2 жил уулзаагүй хүүгээ нэгэн аав анх Америкт ирэхэд нь зав л гарвал дэлгүүрээр дагуулж явж өөрийнх хүссэн төдийгүй надад өөрт маань таалагдсан зүйлсийг хүүдээ авч өгч санасан сэтгэлээ дэвтээсэн юм. Гэтэл удалгүй гэрээ дүүрэн эвдэрсэн эвдрээгүй хэрэгцээгүй тоглоом, хэрэгсэл энд тэндгүй хэвтэх болсон ч хүү маань дахин дахин л нүдэнд харсан бүрээ авахуулах гэж оролдох болсон билээ.

Хямд юм гээд тоохгүй байснаас бариад л бараг эвдрэх 1, 2 долларын үнэтэй тоглоомоос өгсүүлээд 25 сентийн машины хажуугаар ч зүгээр өнгөрөхөө больж эхэллээ. 25-хан сент гээд хүүхдүүддээ өөгшүүлээд байгаа хүмүүсийн хөл ихтэй газар хүүхдүүдийн нүдэн тусах газар олноор байрласан, мөнгө хийхээр муухан шиг бохь, атга чихэр, резинин бөмбөг, шивээс гээд төрөл бүрийн жижиг сажиг зүйлс гаргаж өгдөг эдгээр машинууд зэрэг нь бидний бодож байгаа шиг тийм хямд зүйл мөн үү? Їнэхээр эдгээр машинуудаас бид хүүхдүүддээ баяр баясгалан худалдан авч өгч чадаж байна уу, эсвэл зүгээр тэднийг мөнгөө цоорхой шуудай уруу хийхийг сургаж байна уу?

Энэ бүгдийн эцэст хүүгийхээ мөнгөтэй харьцах харьцааг болон өөрийн үйлдлээ ч өөрчлөх хэрэгтэй болсныг ухаарч америкчуудын нэрлэдгээр allowance program буюу 7 хоног бүр тогтмол мөнгө өгдөг арганд шилжлээ.

Эцэг эхчүүд ярилцаж байгаад 7 хоногт биш сард нэг удаа, харин мөнгөнийх нь хэмжээг 5 доллар байхаар тогтоолоо. Їнэхээр ч энэ арга хүүд нь аятайхан тохирч бага зэргийн судалгаа хийсний үндсэн дээр /заримдаа дэлгүүрүүдийн рекламын сэтгүүлийн тоглоомын хэсгийг эргүүлж үнийг нь харьцуулж харах зэрэг/ ямар тоглоом авахаа эртнээс тодорхойлж үнийг нь мэдээд хэдэн сарын “цалин”, бэлэгний мөнгөө уйгагүй цуглуулах боллоо. Өөрийн мөнгөөрөө авсан тоглоомых нь хэрэглээ нь ч сайжрав. Ийнхүү энэ арга нь хүүг нь хадгалах, сайн сонголт хийх, хүссэн юмандаа хүрэхийн тулд тэсэх, худалдан авалтын сайн муу талуудыг мэдэж ойлгож авахад ихээхэн тусалж байгаа төдийгүй бидний мөнгийг ч хэмнэж win-win situation буюу бидэнд ч хүүд маань ч ашигтай шийдэл болсон юм.

Мөн нэмж дурдахад хүүхдүүдийг олон зүйл худалдан авах хүслийг нь төрүүлэх, мөнгө үрэх, хэт материаллаг болох зэрэг буруу заншилтай болоход нь гадны олон хүчин зүйлс түүний дотор телевизийн реклам ихээхэн үүрэг гүйцэтгэдгийг судалгаагаар нотолжээ. Мариа Шерлок “Хүүхдүүдтэйгээ энгийн амьдрах нь” номондоо хүүхдүүдээ рекламын мангасаас хэрхэн хамгаалах талаар дараахь зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгчээ.

Үүнд:
• Үзэх цагийг нь хязгаарлах
• Хүүхдүүдээ нэвтрүүлгийг зөв хүлээн авч байгаа эсэхэд нь анхаарах. Үзсэн зүйлийнх нь талаар ярилц. Рекламыг шүүмлэхээсээ бүү ай.
• Хэлсэн ярьсан зүйлээ өөрөө хэрэгжүүл. Моод хөөцөлддөг эцэг эхийн орчинд материалаг хүүхэд л өсөх болно.
• Аз жаргал эдэлж байгаа зүйлээс биш байгаль болон хүмүүстэй харилцах харилцаанаас ирдэг болохыг хүүхдүүддээ аль болох харуулахыг хичээ.

Тэдэнд нөлөөлдөг дараагийн том хүчин зүйл бол үеийхнийх нь дарамт, нөлөө бөгөөд хэт их матераллаг зүйлийн хойноос хөөцөлдөж мөнгө төгрөг үрэх нь буруу гэдгийг ойлгуулахын тулд хүүхдүүдтэйгээ том хүн шиг ярилцаж хэрэгтэй гэж санхүүгийн зөвлөгч Жек Сирард SacBee-д бичжээ. Харин тэдэнд дахиж хэзээ ч юм битгий худалдаж ав гэх мэтээр хэлж загнахын оронд ойлгуулахыг хичээж америкийн ихэнх саятнууд ямар их даруухан амьдардаг болон тэд мөнгөө дэмий юманд үрдэггүй учраас баяжсан тухай өгүүлдэг бэст-сэллэр болсон “Millionaire Next Door” гэх мэт номнуудыг уншуулбал тустай байх болно.

1 comment: